MinecraftgameZ Wiki
Register
Advertisement

MineCraft гэж юу вэ?

MineCraft oohhhhhhh by KhuseleN

Уурхайн мөн блокны ертөнцөд тавтай морил !

Эрт урьдын нэгэн цагт бус энэ л бидний үед юмсанжээ...Гайхамшигт видео тоглоомын түүх 8bit-ийн 2 хэмжээст ертөнцөөс эхлэсэн юм. Тун удалгүй виртуаль ертөнцөд олон олон гайхалтай баатрууд төрөн гарч, олон олон үлгэр домог шинээр эхэлж, олон олон адал явдлуудаар сэтгэл догдлуулам гайхалтай түүх үргэлжилсээр нэг л мэдэхэд Гайхамшигт Марио, хурдан Соник, адал явдлын баатар Зелда, үхлийн тулаан Мортал Комбат гээд л та бидний зүрх сэтгэлд мөнхөд хоногшисон гайхалтай сайхан дурсамжуудыг үлдээсэн гэдэгт итгэлтэй байна.... Харин энэхүү MINECRAFT тоглоом нь та бүхнийг 8bit-ийн ертөнцийг жинхэнэ 3D хэмжээсээр мэдрүүлэх болно. Хэдий жижигхэн боловч, анх үзэхэд зураглал дүрслэл нь гологдохоор мэт санагдах авч энэхүү тоглоомын цар хүрээ болоод үзэл санаа нь намайг өөрийн эрхгүй дуу алдуулж, өмнөө сөхрүүлэхэд хүргэснийг нуух юун. Зүгээр л би энэ тоглоомыг Art of Pixel бас Left 4 Lego гэж нэрлэмээр байна....Тиймээ жинхэнэ Пикселийн Урлаг.

За тэгээд хүссэн үедээ хүссэн цагтаа ороод хүссэн зүйлээ хийж бүтээгээрэй. Гол нь муухай хорлогчин зан гаргаж болохгүй шүү айн хэхэ.

Бүтээгч

Mojang Logo by KhuseleN

Студийн Лого

Тун саяхан буюу 2009 онд юм гэнээ. C++ болоод Жава хэлний программист залуу Markus Alexej Persson нь "Mojang Specifications" студийг байгуулсан юм. Амьдралынхаа сүүлийн хэдэн жилүүдэд тоглоомны програмчлалыг ихээхэн сонирхох болсон Швед гаралтай мань эр олон олон гайхалтай тоглоомуудыг бүтээсэн ч гэлээ энэхүү MINECRAFT нь түүний бүтээлүүдийн дотроос сор нь болон гялалзаж, тоглоомын ертөнцийг доргиосон юм. Тархины идэвхжил нь зүүнээсээ баруунруу шилжиж, жирийн уйтгартай програмчны амьдралаас салж харин видео тоглоомын ертөнцийг цогцлоох болсон тэрбээр MINECRAFT тоглоомоо ийм алдартай болно гэж зүүдлээ ч үгүй байх.

Тоглогчид

2010 оны 11 сарын 17-ний байдлаар гэхэд л уг тоглоом 600000 хувь борлогдсон бөгөөд 2000000 гаруй бүртгэгдсэн гишүүдтэй болсон байна. Харин яг өнөөдрийн байдлаар буюу хэдхэн хоногийн дотор уг тоо гайхамшигтайгаар нэмэгдэж нийт 1000... сервер байгуулагдаж,албан ёсны сайт дээр нь 14,552,783 гишүүд бүртгүүлж, мөн 3,711,512 хүн уг тоглоомыг худалдаж авснаас харахад энэхүү тоглоом нь улам илүү алдартай болж, олон олон хүнийг хамарч байгаа нь харагдаж байгаа биз.

Чухам ямар учиртай тоглоом юм бол?

Энэ тоглоомыг алдартай болоход хүргэж буй хамгийн том шалтгаан нь гэвэл яах аргагүй Multiplayer тоглолт юмаа. Тэгэлгүй яахав бас Singleplayer горим ч байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс gamer-үүд хоорондоо холбогдож, танилцаж нөхөрлөнө гэдэг гайхамшигтай хэрэг биш гэж үү. Тиймээ энэ тоглоом нь .... би дээр хэлсэн шүүдээ....жинхэнэ Пикселийн Урлаг юмаа гэж. Ингээд олон үг нуршилгүй тоглоомын доторх ертөнцийн тухайд та бүхэнд танилцуулъя.

MINECRAFT

MineCraft Screenshot by KhuseleN

Тоглолтын хэсгээс ...

Тоглогч та зах хязгаар нь хаа хүрэх нь үл мэдэгдэх асар уудам 8bit-ийн 3D ертөнцөд мэндлэх ажээ. Хязгааргүй уудам тэнгис далайд орших олон олон арал эх газруудыг дамжин явахдаа та өөрийн гэр болсон онцгой нэгэн газрыг сонгох хэрэгтэй бөгөөд удалгүй шөнө дөл болж хөндий дов толгод тэр чигтээ аймшигт араатнуудаар дүүрэхээс урьтаж аюулгүй сууцыг барьж бэлтгэх хэрэгтэй болно. Ор хоосон эхлэсэн та газар хөрсийг малтаж, харин түүгээрээ хана босгож, хөвчит ой модруу орж мод түүж, тэрхүү модоо зорж бэлтгэн хаалга хана туурга босгож, улам бүр жижиглэн хэрчиж бяцхан саваа мод болгоод, харин түүгээр модон сүх бэлтгэнэ. Бэлтгэсэн модон сүхээрээ газрын хөрсийг малтаж удалгүй гарч ирэх чулуун давхаргаас чулуу олборлож, олборлосон чулуугаараа шат хийж, түрүүний шороон ханаа бат бөх гэгч нь чулуун ханаар солих болно. Удалгүй өнөөх зорж бэлтгэсэн бяцхан саваагаа чулуутай нийлүүлж чулуун сүх хийсэн та энэ удаад нүүрс олборлох боломжтой бөгөөд олборлосон нүүрсээрээ түүдэг асааж, чулуугаар хийсэн зуухандаа гал түлэх боломжтой болно. Газрын гүнрүү малтах тусам төмөр, алт, мөнгө гээд л төрөл бүрийн металиуд болоод янз бүрийн ашигт малтмалууд гарч ирэх агаад тэдгээрээр юуг нь таны дур. Далайн эргээс элс цуглуулж, түүнээ зууханд хийж олборлосон нүүрсээрээ галдаж шил гаргаж авна. Энд тэндгүй бэлчих хониноос ноос, үхэрнээс арьс шир, тахиа шувуунаас өндөг авч харин гахайнаас махыг нь авах болно...

Ерөөс энэ бол тэр чигээрээ амьдрах ухаан шингэсэн тоглоом юм шүүдээ...

Тоглолтын хувьд нэгдүгээр биеэс удирдах бөгөөд хэрвээ хүсвэл 2-р биеэс ч харах боломжтой юм. Янз бүрийн эд зүйлс цуглуулж өөртөө хадгалдаг тул RPG хэмээн хэлж бас болох юм шүү. Мөн хязгааргүй ертөнцийн хаашаа нь ч хамаагүй явж хүссэн зүйлээ хийж болох тул гарцаагүй энэ тоглоом нь sandbox болж байна.

Тэгэлгүй яахав мэдээжийн хэрэг нум сум, илд тэргүүтэй төрөл бүрийн зэр зэвсэг хийхээс гадна олборлосон ашигт малтмалууд болоод бусад байгалийн баялагуудаа ашиглаад хүрз, алх, сүх, анжис, хашаа, гэрэл лаа, тоосго, цемент гарган авах бөгөөд тэр бүхнээс ашиглаад жирийн нэг байшин сууцаас эхлээд ордон шилтгээн, тосгод суурин, хөшөө дурсгал, бүр хот улс тэр байтугай ертөнц дэлхийг ч бүтээж болно. Байгуулсан тосгондоо тариан талбай байгуулж, буудай, хулс, мод тарих боломжтой бөгөөд хот хооронд төмөр зам татаж, харин дээгүүр нь гүүр барьсан ч болно. Тэсрэх бөмбөг бүтээж түүгээрээ газар хөрсийг нүхлэн тэсэлж уурхай барих боломжтой. Мөн тэнгэрт тулсан өндөр өндөр байшин барилгуудыг барьж, харин газар доош асар гүнд уурхай суваг хонгилуудыг барих боломжтой. Хэрвээ хэтэрхий шуналдаа автаж, хэтэрхий гүнд ухвал өөдөөс тань халуун лав гарч ирэх болно. Хаана байгаагаа тооцололгүй уурхайн гүнээс дээш ухвал далайн ёроолоос гарч ирж харин дээрээс тань тэнгисийн их усан орж ирж таныг ухсан хонгилтой чинь живүүлэх вий.

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Advertisement